Шүүх Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээж, Б.Хурцынхыг буцаав

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх даваа гараг үнэмлэхээ гардан авна. Мөн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хуультай. Энэ долоо хоногт сонгогдох эрхтэй холбоотой хоёр ч шүүх хурал болсон. Шүүхээс Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээж, Б.Хурцынхыг буцаав. Шүүх хурлын тоймыг хүргэе.

Н.Номтойбаярын эрх сэргэв

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзэн, СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан билээ. Үүнтэй холбоотойгоор тэрээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үйлдлийг хууль бус гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгасан юм. Тэрээр эл шийдвэрт "2020 оноос хойш үнэндээ шүүхэд итгэх итгэл алдраад байсан ч итгэл сэргэлээ. Итгэж дэмжиж байсан бүхэнд баярлалаа. “Үндэсний Эвсэл”-ийг тэргүүлээд өөрчлөлт шинэчлэлийн төлөө тууштай тэмцэнэ" гэх байр суурийг илэрхийлэв.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц сонгуулийг өнжинө

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, түүнийг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр Б.Хурц энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүй болсон юм. Шүүхээс "Б.Хурц нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Хурцыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ. Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08:30 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нь Б.Хурцыг УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг бус, тус намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан нэр дэвшигчдийг Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ардчилсан намын даргаас тодруулсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" хэмээжээ.

“Үндэсний Эвсэл”-ийн зарим гишүүд шүүхэд нэр дэвших эрхээ сэргээлгэхээр хандлаа

“Үндэсний Эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд, Н.Хулан нар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэр дэвших эрхээ сэргээлгэхээр хандлаа. Тодруулбал, “Үндэсний Эвсэл”-ийн гишүүн П.Баярхүү, Д.Ганболд, Н.Хулан нарын хувьд МАН-аас гарах өргөдлөө 2021, 2024 оны 3-р сард өгч цохолт хийлгэж байжээ. Гэтэл СЕХ-ноос нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг шалгахдаа тэдгээрийг өөр намын харьяалалтай байна гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.Тэгвэл СЕХ-ны дээрх шийдвэр нь Улс төрийн намын тухай хууль болон Олон улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзэж буй аж.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024