Үүнд янз бүрийн насны, янз бүрийн боловсрол мэдлэгийн түвшний хүмүүс өөр өөрсдийнхөөрөө хариулах нь мэдээж. Ялангуяа нийт массын олонхийг бүрдүүлэгч сонгогч түмэн маань энэ талаар хамгийн их мэддэг ч байж болох юм. Ардчилсан хувьсгалаас хойш бид хичнээн сонгууль үзэж, төчнөөн удаа луйвардуулсан ч гэлээ сонгох эрхээ хүндэтгэн оролцсоор ирсэн, тэгээд ч өнөөдрийн бас нэгэн шинэ сонгуулийн босгон дээр ирлээ. Өөрөөр хэлбэл энэ удаа буруу голдиролоор явчихсан гажуудсан ардчилал, улс төр эдийн засгийн томоохон бүлэглэлд эзлэгдсэн асар том мөнгөний үнэр бүхий Их Хурлын зөөлөн сэнтийд зөв хүн, зөв нам эвслийг сонгох хариуцлагын өмнө ирээд байна. Пи ар (PR) менежерүүдийн хувьд нэн шинэ онцлог бүхий маш өндөр хариуцлагатай сонгууль тулгарсан нь илэрхий. Улиг болсон арга, бохир заваан технологи, нууц далд тохироо, хар машины луйвар, мөнгө тараах оролдлого, бидон сав, нэрэмжит болон бооцоот тэмцээн, автобус автобусаар нь зөөх царцааны нүүдэл, угсаа гарвалыг нь урд зүгээс олж тогтоох, нууц далд бичлэгээр нэгнээ хохироох зэрэг нь хоцрогдохын дээдээр хоцрогдсон. Хар пи арын менежмент өөр түвшинд нэгэнт гарчээ.
Харин үүнтэй хэрхэн тэмцэж сонголтоо зөв хийх вэ? Яавал саналаа хулгайчдад луйвардуулахгүй байх вэ?
Хариулт нь асуултаасаа хүнд, олон салаа. Гэхдээ энэ олон луйврын аргууд дэндүү танил, дэндүү илэрхий болохоор сонгогчид амар өртчихгүй. Энэ нь дан ганц сонгогчдын боловсрол өндөрссөнтэй холбоотой юм биш, зүгээр л тэд үнэхээр залхаж байгаатай шууд холбоотой. Улс төр одоо энгийн ард иргэд, сонгогчдоор оролдоод эхэлчихсэн гэсэн үг. Иймээс одоо таныг хүлээж байгаа хамгийн том луйвар бол мөнгө тараах оролдлого, янз бүрийн эд зүйлс амлах, эсхүл өгөх,(бэлэг гэх нэртэй!) дайлж цайлах бус харин зүгээр л "Тархийг тань угаах" технологи гээд баттай хэлчихье! Мэдээж мөнгө тараадгаараа тараагаад явж л таарна, гэвч хөдөө орон нутагт илүү их ажиглагдах байх. Харин хот суурин газарт зүгээр л сошиал медиа орчинд илүү том тулаан өрнөнө гэж харж байна. Троллууд үнэд орно, тэд үнэхээр том үүрэгтэй, бүр маш том үүрэгтэй гэдгийг энд онцолъё! Өрсөлдөгчөө залруулга гаргах хугацаа өгөлгүй намнах, эсвэл эхнээс нь худал зүйлийг мянга давтах энэ хоёр хуучин форм болсон аргаа мэдээж ашиглана. Тэгэхдээ шинэ вээрсээр (version) нь ашиглах байлгүй дээ. Өөрөөр хэлбэл ахисан түвшний хувилбарыг сонгох байх. Цахим эриний сөрөг талууд сонгуулийн хар пи арын хувьд эерэг тал болж ирнэ.
Томсгосон тойргийн бас нэг сайхан луйвар нь мэдээж жагсаалт. Том намуудын хувьд бол нэр дэвшигч этгээд нь жагсаалтын эхэнд очер авсан бол (хаалгаар биш тооноор нь орох хүнд ямар хамаа байна!!!) инээд алдан малийгаад байхаас өөр яахав. Ялангуяа өмнөх сонгуульд гарчихаад түүнийгээ өөртөө хортойгоор ашигласан, хуралдаа ирдэггүй, тойрогтоо юу ч хийгээгүй, аливаа хууль тогтоомжийг зөрчин өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ ямар нэгэн давуу тал олгосон, ямарваа нэгэн байдлаар муу нэр зүүсэн гишүүдийн хувьд авралын гарц юм. Харин жижиг намууд, мэдээж бие даагч нарт анхнаасаа ашиггүй. Тэд бор зүрхээрээ үзнэ. Гэхдээ тэдэнд ч бас улайрал бий гэдгийг энд дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тэд ч бас эрх мэдлийн төлөө гудамжинд жагсаж, Засгийн ордны үүдэнд "лайв"-даж, олон тролл хаягнаасаа өөрийгөө магтуулж суугаа гэдгийг бүү март!
Тэгээд аль намыг сонгох вэ, ямар хүнийг сонгох вэ гэж үү? Энэ таны итгэл үнэмшлийн асуудал. Энэхүү бэсрэг нийтлэл аль нэг намыг сайн гэж хэлэх зорилгогүй, тийм үүрэг чиглэлгүй. Зүгээр л энэ сонгуулийн мөн чанар бол асар том тархи угаалтын доор явагдана гэдгийг л танд сануулах гэсэн юм. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгосон, аливаа нэр дэвшигч санал худалдан авах, арга хэмжээ ивгээн тэтгэх, бусдыг саналаа өгөхөд нь ятгах, эд зүйл амлах зэрэг нь хориотой, зөрчвөл сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасагдах заалт байгаа хэдий ч энэ сонгуулийн пи ар менежментийн багууд эхнээсээ алдаа заасан программ шиг хэтэрхий бохир ажиллаад эхэлснийг та харж байгаа гэж найдаж байна. Гэхдээ тэд нийтлэлийн эхэнд дурдсанчлан шинэ түвшинд гарсан гэдгийг танд дахин сануулья. Тиймээс иргэн та сонгуулийн аливаа луйвар булхайг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх аваас тэдэнтэй нэгдэж байгаатай агаар нэгэн юм. Сонгууль нь шинэ дээлээ өмсөөд баяр баясгалантайгаар очиж саналын хуудас дугуйлдаг төдий зүйл биш ээ! Шинэ дээлээ өмсөх энэ тэр нь Төрөө дээдлэх өгөгдөл байх, баяр баясгалантайгаар очих нь ч зүйн хэрэг биз. Гагцхүү нэмээд хэлэхэд хариуцлагатайгаар хэний ч хараат бусаар, өөрийн итгэл үнэмшлийн дагуу саналаа өгөөрэй.
Таны санал маш чухал, яагаад гэвэл та л ирээдүйгээ бүтээнэ...