С.БИЛЭГСАЙХАН: “Үнэгүй” хөрөнгө оруулагчдаас татгалзах цаг нь болсон

ADMIN
2024-05-27

Үндсэн хууль тогтоогчдын холбооны дэд дарга С.Билэгсайхантай ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдад 100 жилээр газар эзэмшүүлнэ гэх заалт орсноос болоод эсэргүүцэлтэй тулгарч, шуудхан хэлэхэд гацчихсан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд ч багтаагүй байна билээ. Уг нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулчихвал гэх хүлээлт гадна дотногүй л байна?

-Улаан Үдэд буриадууд үнэтэй жуулчин л авъя гэцгээж байна. Үнэгүй жуулчин гэдэг нь өөрийнхөө машинаар хүрч ирээд, уулын аманд майхнаа бариад суучихдаг улсыг хэлдэг аж. Олон хүн ирвэл л сайн юм биш үү гэтэл өөдөөс үгүй хор болж байна. Баахан архидаж, бааж шээгээд хогоо ч олигтой цэвэрлэхгүй орхиод явчихдаг гэнэ. “Үнэгүй” жуулчдын оруулах орлого маш бага байдаг учраас буриадууд өмнөд солонгостой ярьж, 4-5-хан хүнийг өндөр зэрэглэлэлийн зочид буудалд буулгаад үзтэл хамаагүй ашигтай атлаа хор хөнөөл багатай байсан байгаа юм. Яг тэрэн шиг Монголд хөрөнгө оруулагч хэн бэ гэдгийг бодох цаг нь болсон. Монголын компаниуд өөрсдөө хөрөнгө оруулах чадалтай болчихсон. Том том сүлжээ, үйлдвэрүүд бий болж байна. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчидтай болчихож. Энэ нөхцөлд гаднын хөрөнгө оруулагчдад орж ирээд, татвар, нийгмийн даатгал гээд бүх татвар татаасаа бидэн шиг төлөөд яв гэх шаардлагыг тавих ёстой. Өөрөөр хэлбэл гаднын хөрөнгө оруулалт яг дотоодын компанитай адилхан эрх үүрэгтэй байх ёстой. Цаг нь болчихож.

-Гаднын хөрөнгө оруулагчдад хэтэрхий хөнгөн хандаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээ өндийх боломж олгохгүй татвараар дарамталдгаа боль гэх гээд байна уу?

-“Үнэтэй” болон “үнэгүй” жуулчин гэдэг шиг үнэгүй хөрөнгө оруулагчдаас татгалзах цаг нь болсон. Олон үндэстний хоолын газар, кофе шопыг гаднынхантай гаднынхангүй монголчууд өөрсдөө хангалттай ажиллуулж чадна. Энэ бол монголчуудын буюу дотоодын хөрөнгө оруулагчдын орон зай. Чадахгүй байгаа шалтгаан нь хууль эрхзүйн орчноос хамааралтай. Жишээ нь “Буян” Жагааг хар. Үйлдвэр ноолуур гээд яваад л байна. Жагаа шиг улсууд ноолуурын бизнес эрхлэх гээд бүгдээрээ зээл авдаг. Гэтэл хятадууд орж ирээд Засгийн газраас жилийн 1-2 хувийн хүүтэй зээл аваад өнөө ноолуурыг нь хуу хамчихдаг. Гадаадын хөрөнгө оруулагчийн зээл нь 1-2 хувийн л хүүтэй үсрээд л гурван хувь… Гэтэл монголчууд арилжааны банкнаас сарын 1-2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг. Яаж шударга өрсөлдөх юм бэ, боломжгүй. Жилийн 24 хувь гэхээр 25 хувийн ашиг нь байхгүй болчихож байгаа биз.

Гаднын хөрөнгө оруулагчид эхний таван жилд нь татвар төлөхгүй, дараагийн таван жилдээ ч хөнгөлттэй байсан. Монголчуудад тийм таатай нөхцөл байхгүй. Ажилд авлаа, шууд 26.8 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Сүүлийн үед янз бүрийн татварууд нэмэгдээд бүр дийлдэхээ больсон. Бизнесмэнүүдээ дарамтлаад нийтээрээ өрийн дарамтад орчихлоо. Бүгд банкны өртэй. Тэр банкны зээл нь ч бас олдохоо больчихсон.

Хэдэн зуун саяар авдаг хэсэг нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр этгээдүүд. Төрд эрх мэдэлтэй их хурлын гишүүд, сайд нар давуу байдал үүсгэж, өөрсдийнхөө харьяа, хамаарал бүхий компанидад хөнгөлттэй зээл олгоод байдаг. Угтаа бидний зарчим нийтлэг байх ёстой. Гадаадынх гэж онцлоод давуу эрх олгоод байвал Монголын хөрөнгөтнүүд хэзээ босох юм бэ. Гол асуудал нь энэ. Түүнээс биш Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа хүн байхгүй. АН ч эсэргүүцээгүй. Гагцхүү босго тогтоосон уу, үгүй юу гэдэг асуудал яригдсан. Нөгөөтэйгүүр газар олголт буюу газар ашиглуулах эзэмшүүлэх дээр илүү анхаарчихаж.

Бид том том хөрөнгө оруулалт оруулж ирж үзсэн. Одоо 22 тэрбум ам.долларын өртэй, дээр нь өнгөрсөн жил ашиггүй ажилласан гэж байна. Санхүүгийн том луйврын схемд орчихсоны л илрэл. Бидний хаширсан хамгийн том жишээ бол Бороогийн алтны уурхай. 57 тонн алт байхгүй болчихсон шүү дээ. Одоо бид нэг жаахан бодох цаг болсон.

-Өөрөөр хэлбэл одоо гаднын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдын бололцоо боломжийг хангах тал дээр төвлөрөх цаг болчихсон гэж ойлголоо, зөв үү?

-Яг тийм. Мэдээж үнэхээр яаралтай юм байвал зарлах ёстой. Тулгамдсан асуудалд гэсэн үг шүү дээ. Миний харж буйгаар Монголд юу юунаас илүү санхүүгийн зах зээл хэрэгтэй байна. Манай банкны систем болохоо больсон. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй орчинд ямар бизнес байх юм бэ. Хэрвээ би Ч.Хүрэлбаатарын оронд байсан бол хуулиа татна. Үнэхээр хөрөнгө оруулалт хүсээд байвал нэгдүгээрт банкныхаа салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчинг бий болгоно. Гаднын банкуудыг оруулж ирэх ёстой. Хоёр дахь зах зээлийг бий болгоход анхаарна гэсэн үг. Тэгж байж л Хөрөнгө оруулалтын тухай хууль зөв болно. Түүнээс биш яаран сандран зүтгүүлэх хэрэг огт байхгүй. Зургаан сарын дотор манайд хөрөнгө орлоо юу… Зургаадугаар сарын 26-нд сонгууль болох гэж байна…

Нөгөөтэйгүүр манай Монголын бизнесийн цикль ямар билээ. Хавар мал төллөнө, ноолуурын бизнесээ эрхэлнэ. Зун эхэллээ, ноосоо эргэлдүүлнэ. Уул уурхайн бизнес таван сард газар гэсэхээр л эхэлнэ. Барилга ч адил… Угтаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт гээд банкны чиглэлд хөрөнгө оруулаач гээд олон улсад зарлачих ёстой. Түүнээс биш ямар ч босгогүй, зоргоор нь тавиад нэмэр бус нэмээс л болно. ЖДҮ, Хөгжлийн банкны жишээг хар. Дандаа хулгай хийчихсэн. Төрийн банкны зээлийг төрийн аж ахуйн нэгж нь хуу хамчихсан ч байх шиг. Үнэндээ л авлига хөгжин цэцэглэж байна. Тэгсэн мөртлөө хувийнхныгаа хаагаад бизнес хийгээд байдаг. Гадаад харилцааны сайд асан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын ярьж буйгаар төрийн өмчийн компаниудын давамгайлал 75 хувьд хүрсэн гэсэн. Тиймдээ ч Хөрөнгө оруулалтын тухай хуулин дээр МАН, АН болж, ХҮН нам далдагнаад л талцаад байгаа хэрэг. Гэхдээ аль нь ч бай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гагцхүү боловсон хөрөнгө оруулалтыг л дэмжих учиртай.

Банкны систем дээр л хөрөнгө оруулалт хийх ёстой шүү дээ. Түүнээс биш хоолны газарт хөрөнгө оруулалт татаж яах юм бэ. Монгол хүн өөрөө чадаж байхад гаднын хөрөнгө оруулагчийг оруулж, дээр нь газар нэмж олговол зохисгүй. Тэгсэн дор Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам барих тендер зарла. Яг ийм амь тулсан юман дээрээ л хөрөнгө оруулалт хийх ёстой. Эсвэл Эгийн голын усан цахилгаан дээр хөрөнгө оруулалт хий. Бид оросуудтай яриад тохирчихно. Оросууд одоо татгалзахаа больчихсон. Дээр нь атомын цахилгаан станцууд барья. Нефть боловсруулах үйлдвэрийнхээ ажлыг хурдасгахын тулд тендер зарлая. Өөрөөр хэлбэл том том юман дээр хөрөнгө оруулалт оруулаад ирвэл, Монголын аж ахуйн нэгжүүд дагаад дээшээ босоод ирнэ. Түүнээс биш бүх юман дээр хөрөнгө оруулалт хийнэ, дээр нь газраа эзэмшүүлнэ гэвэл эргэн тойрны мөнгөтэй улсууд ирээд л суучихна шүү дээ.

-Хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд байгаадаа биш босго тавиагүйд л байгаа юм байна. Гэвч газар эзэмшүүлэхээ байя гэхээс өөр шийдэл нэмэлт хуулийн төслийн эргэн тойронд яригдахгүй байна шүү дээ?

-1993 онд алийгаа алдаж байсан. 1996 онд МҮАН, МСДН-ын эвсэл төрийн эрх авахад бүтэн жилээр цалин, тэтгэвэр тавиагүй байсан. Тэр үед хөрөнгө оруулалт бол амин чухал байсан. Бид 1998 онд Ашигт малтмалын тухай хууль гаргаж, бүх импортын татвараа тэглээд 10:10 хувийн татвар тогтоосон. Одоо бол өөр. Улс маань нүүрсний 15.2 тэрбум ам.долларын экспорт хийж, авсан татвартайгаа нийлээд 72 их наяд төгрөг эргэлдэж байна. Одоо гуанзанд хөрөнгө оруулалт хийх гэж хөрөнгө оруулалт татах сонин биш. Хоёрдугаарт нэг өнцөг харах хэрэгтэй.

-Ямар?

-280 мянган монгол хүн гадаадад амьдарч байна. Зарим нь гадаадын иргэншил авчихсан. Тэд хөрөнгө оруулж ирэх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид мөн үү, мөн. Сүүлийн үед Хятадын хөгжилд нью инженерчлэл гэж их яригдаж байгаа. Дэлхийн II дайны үед Япон рүү дүрвээд явчихсан шинэ үеийн иргэд нь хөрөнгөтэй болчихсон. Тэндээ бэхжчихсэн гэсэн үг л дээ. Яг тэрэн шиг манай монголчууд ч бас бэхжчихсэн. Энэ 280 мянган хүн чинь 33 жилд юмны зах зухын түвшинг мэдчихсэн. Томоор ч жижгээр ч орж ирж болно. Өөрөөр хэлбэл цагаачийн удам гэх юм уу шинэ үе гэж олон улсад алдартай хэсэг бий болчихлоо. Тэр 280 мянган хүн эргээд эх орон руугаа харж байна. Тэд орж ирээд цайны газар ажиллуулах бол асуудал биш. Тэд нарт газар олгох эзэмшүүлэх тухай ярьж болно. Ингэвэл шал өөр байдал үүснэ. Гадаадын харьяат авсан ч монгол хүн. Ямар нэг байдлаар ангилалчлах хэрэгтэй байгаа биз. Ялгавартай авч үзэх хэрэгтэй.

Бид нар утсан дээрээ аптит хийдэг шиг тийм үе. Өөрөөр хэлбэл 1996 он бол 2024 он шиг үе. 1996 онд бүгдээрээ ядуу, мөнгө хөрөнгөгүй, улсын төсөвт уртаашаа 20-хон сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийдэг байсан. Улсын төсвийнх нь хэмжээ 250-хан сая ам.доллар. Одоо хэдэн их наяд байна вэ. Тэр үед Монгол хөгжлийн гараан дээр ирчихсэн байсан. Гараагаа зөв эхлүүлбэл цаашаа явчихаар байсан. Тэрний тулд золиос гаргаж, хохирох шаардлага тулгарсан. Суугаад эрсдэл үүрэх үү яах вэ гэж ярилцсан. Өдөр шөнөгүй хэдэн сар хуралдсан. Ер нь дэлхий дээр шинэтгэл хийхийг дэмжсэн нэг ч ард түмэн байхгүй, хүлээж авдаггүй юм. Хичнээн ухуулаад ч ойлгодоггүй. Гэтэл бид нар тэр эрсдэлийг үүрсэн.

75 жил коммунизмээр явж, КГБ-ээр туршлагажчихсан, МАХН гэх аппарат бүрэн бүтэцтэйгээ байж байсан. Мэдээж тэд ажиллана. Бид ч эдэн шиг залилж, мангартуулаад янз янзын шок, сенсаци тариад явж болох байсан. Гэхдээ бид тэгээгүй. Шинэтгэлийг хийж, эрсдэлийг үүрье л гэж хийсэн. Үр дүнд нь 50 хүнээс нэг ч хүн сонгогдоогүй. Ард түмэн бид нарт нойл дүн тавьсан.

-Шинэтгэлийн шим хэзээнээс гарч эхэлсэн юм бэ?

-2001 оноос бидний нойл дүн авч эхлүүлсэн ажлын үр дүн гарч Монгол үсрэнгүй хөгжих боломж гарч эхэлсэн. Тухайн үед би Барилгачдын их хуралд оролцсон юм. 100 мянган ажилчин байсан, байхгүй боллоо. Төр засаг харж үзсэнгүй гэж социализмын юмаа л яриад байсан. Тэгээд би, уучлаарай удахгүй барилгын буум эхэлнэ. Та нар хурдан мэргэжилтэн ажилтнаа бэлд. Гаднаас хөрөнгө авалгүйгээр компаниуд нэгд гэсэн. Тухайн үед Барилга хот байгуулалт, Эрчим хүч, Орон сууцны багц хуулиуд бүгд батлагдчихсан. Гэвч нэг ч хүн итгээгүй, худлаа яриад молигдож байна л гэсэн. Одоо хар л даа. Улаанбаатар ширэнгэн ой гэдэг шиг бетонон ой болчихсон л байж байна. Энэ бол жишээ. Тэр үед бид аль болох хүмүүсийг гадаад явуулахыг хүссэн. Малчдад малыг нь, хотынхонд орон сууцыг нь хувьчилж, банкинд тавих боломжийг нь хангачихсан… Эхлэлийг тэгж л тавьсан. Их л ядруу дүр зураг харагдаж байгаа байх. Байгаа нь л тэр. Одоо саятнууд, ам долларын саятан тэрбумтнууд төрчихсөн байна. Мэдээж нэг нь төрийн эрх мэдлээр, нөгөө нь амь амьдралаараа зүтгэсэн гэх ялгаа бий.

Нөгөөтэйгүүр монголчууд маш том нөөцтэй болчихсон. 280 мянган монгол хүн дэлхий дайдаар тэнүүчилж бүх юмыг үзэж, нүд тайлчихаад маниусыг их тэнэгтэж байна даа гэж харж, мэддэг болчихсон. Тухайн үед бол яах вэ гээд айж байсан. Өөр гарц ч байгаагүй. Ингэж коммунизмаас гарч бүтээн байгуулалт хийсэн түүх дэлхийд байхгүй. Тийм ч учраас АН-ынхан эсэргүүцээд байгаа юм биш, ялгавартай ханд л гээд байгаа юм. Дотоодын хөрөнгө оруулчдадаа яг адилхан нөхцөл тавиад дэмж. Эс бөгөөс монголчууд хэзээ ч ядуурлаас гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд өөрсдийнхөө боомилоод байх юм бол энэ Монгол чинь хэний эх орон юм бэ?

-Цагаачийн удам гэгдэх шинэ үеийнхэнд давуу тал олгох ёстой гэж үү?

-Давуу талыг салбар салбартаа бодож байж олго. Нийтийн хоол, үйлчилгээний салбар гэхчлэн жижиг хөрөнгө оруулалтад монголчууд нь давуу эрхтэй. Том хөрөнгө оруулагчид ч бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нь дандаа монгол компаниуд байх ёстой гэхчлэн нөхцөлийг тодорхой заах хэрэгтэй. Тэгж гэмээнэ Монголын инкубаторууд бий болно. Бойжуулах ёстой.

Дэлхийгээр тарсан 280 мянган иргэндээ илүү боломж олгох ёстой. Түүнээс биш нэг нь хөрөнгө оруулахыг эсэргүүцээд байгаа чюм шиг бүр сүүлдээ оросын тагнуулууд ч гэх шиг… Ийм онигоотой байж болохгүй ш дээ. Оросууд хөрөнгө оруулбал бид нар сүйрчих юм уу.

Гол нь гаднын хөрөнгө оруулалт татахдаа бид нарын чадахгүй байгаа юм руу татах ёстой. Чадаж байгаа юм аа яах юм бэ, тийм биз дээ. Захын монгол жижигхэн бууз хийгээд хүргээд өгөөд байж чадна ш дээ. Ийм чаддаг юман дээрээ дэмж. Түүнээс биш нэг аж ахуйн нэгж нээхээр 26.8 хувийн татвар, НД шимтгэл авах гээд байж болохгүй. Яаж дарамтнаас нь гарах бэ, унана ш дээ. Сүүлийн үест аж ахуйн нэгж байгуулах сонирхолгүй болчихлоо.

-Татварын хуулийн босго байхгүй болсноор хэцүүдэж байна аа?

-Гэрээ хийснийхээ төлөө 11.2 хувийн татвар, авсан байгууллага нь 11.2 нийлээд 22 хувь. Гэрээ үзэглээд л тэр. Ингэхээр яах вэ? Ер нь бол МАН-ынхан зүүний намынхаа үзэл бодлыг бүрэн хэрэгжүүлж чадаж байна. Өөрөөр хэлбэл тэгш ядуу байлгах ёстой. Тэгш ядуу болчихлоо. Дээрээс нь ковид их сайхан тус боллоо. Дундаж давхаргынхан устлаа. Нэг бол хэт баян, нэг бол хэт ядуу болчихлоо. Одоо хот руу хар. Хотынхон дотроо хэдэн нийгэмд хуваагдаж байна вэ. Долоон буудлын тойрог, Дамбадаржаагийн эцэс, Монел… Тэрүүхэн хавьдаа хүүхдээ цэцэрлэгтээ өгөөд тэрүүхэн хавьдаа ажил төрөл олоод, нүүрс түлээ зараад ч болох нь ээ зараад аж төрж байна. Хувцас авна гэхээр 10 мянгаас илүү төгрөгөөр авч чадахгүй. Тэр хүмүүс адилхан гоё сайхан хувцас авах эрхтэй биз дээ.

Ташрамд сонирхуулахад, залуус тойрог эдийн засаг гаргачихаж. Тойрог эдийн засаг гэж олон улсад байдаг л хэллэг. Эргэж ашиглаж, эргэлтэнд оруулах нөхөн үйлдвэрлэх гэсэн л агуулгатай. Залуус тойрог эдийн засгийн зарчмаар ажилладаг шкаб гээд дэлгүүр б йгуулчихаж. Заавал гаднаас экспорт аваад хэрэггүй, монголчууд өөрсдөө хувцастай болчихож. Нэг удаа өмссөн, эсвэл моодноос гарчихсан юмаа зардаг. Хэрэггүй юмаа тойрогт оруулснаар нэгдүгээрт валютаа хэмнэж байна, хоёрдугаарт монголчууд асар их хэмжээний илүүдэл хувцастай болчихож. Тэрийгээ кг-лаж авчаад долоон буудалд аваачаад нэг ширхэгийг нь 10 мянган төгрөгөөр зарчихна. Бужигнаад л дуусдаг юм байна. Монгол дотоодоосоо комиссын үйлчилгээ явуулж байна. Нэг тонн хувцас хийхэд асар их их энерги, өчнөөн тонн ус хэмнэнэ дээ. Үнэндээ л хүмүүсийн сэтгэхүй өөр болж байна. Өмнө нь комиссын хувцас өмсдөг гээд ад үздэг байсан бол одоо залуус күүл гэж байна. Зөвхөн тэндээсээ л хувцаслана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШИНЭ МЭДЭЭ
Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр Монголд ирнэ
Дөлгөөн нуур орчимд могой байжээ
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ
Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэвэл 3 саяар торгоно
Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг 100 мянгаар торгов
2024 оны II улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 20-ны дотор олгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна
"Дээлтэй Монгол-2024" наадмын хөтөлбөр
Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ
22-ийн товчоо чиглэлийн авто замыг засч эхэлжээ
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханг томиллоо
Соёлын биет өвтэй холбоотой 26 хэрэгт хяналт тавьжээ
Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ
2024 он гарснаас хойш 11 хүүхэд гол, усанд живж амиа алджээ
СБД, Энхтайваны өргөн чөлөө, 1-р хороо, UBH center, 808 тот
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2017 - 2024