Оюуны өмчийн газрын Улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Монгол Улсад Оюуны өмчийн хяналтын тогтолцоо нь ямар түвшинд байдаг юм бэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гурван үндсэн хууль бий. Тодруулбал, Зохиогчийн эрхийн тухай болон түүнд хамаарах хууль, Патентын тухай хууль, Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай гэж… Энэ гурван хуулийг Монгол Улсын газар нутаг дээр хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүргийг Оюуны өмчийн газар хүлээдэг. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Оюуны өмчийн тухай хуулиар энэ салбарын тогтолцоог нь гаргаж өгсөн гэж ойлгож болно. Оюуны өмчийн талаар иргэд яагаад ойлголт муутай, ойлгомж муутай байна гэдэг вэ гэвэл өөр асуудал. Оюуны өмч гэдэг ойлголтыг хоёр үндсэн хэсэгт хуваадаг. Нэг нь, аж үйлдвэрийн өмч, нөгөөх нь зохиогчийн эрх. Монголчууд, зохиогчийн эрхийн салбарыг сайн мэддэг. Дуу хөгжим, утга зохиол урлаг, кино ший, баримал бүгдийг нь мэднэ. Харин аж үйлдвэрийн өмчийн салбарыг нь арай дутуу мэддэг. Тэр ч утгаараа оюуны өмч гэх цогц ойлголтыг хоёр салгаж харж, ойлгомжгүй гэдэг нь үнэн. Хяналтын тогтолцооны тухайд хуульд зааснаар Оюуны өмчийн газарт хяналтын газар ажилладаг. Хяналтын хэлтэс маань улсын байцаагч нартай. Байцаагчид нь бусад улсын байцаагч нарын адил Зөрчлийн тухай хууль, Зөрчлийг шалган шийдвэрлэх хуулийг үндсэн чиг баримжаагаа болгон хяналтын ажиллагаагаа явуулдаг. Тогтолцооны хувьд ийм л зарчимтай.
-Оюуны өмчийн зөрчлийг өөрийн чинь хэлдэг хоёр хуулиас гадна өөр хуулиар шийтгэх, торгох ч гэх юм уу хариуцлага тооцох механизм бий юу?
-Айхтар олон хариуцлага тооцох механизм байхгүй ээ. Хууль болгон өөр өөртөө Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах хуулийг зөрчсөн иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг 5.000.000 төгрөгөөр торгодог. Мөн зөрчил үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг хурааж, зөрчил үйлдэж олсон орлогыг улсын орлого болгож, зөрчлөөс үүдэлтэй гарсан хохирлыг нөхөн төлбөр болгуулна гэсэн үндсэн шийтгэлийн арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллдаг гэж ойлгож болно. Патентын тухай хууль ч адилхан шийтгэл оногдуулдаг. Харин Барааны тэмдэгт, газар зүйн байршлын тухай хууль арай бага торгуультай. Иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгодог зохицуулалттай.
-Жилд оюуны өмчийн хэдэн зөрчил гарч, хэдэн төгрөгөөр торгосон гэдэг ч юм уу, статистик тооцоо байна уу?
-Байлгүй яахав. Манай байгууллагын сайтаас энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Ер нь оюуны өмчийн салбарын онцлог нэг зүйл бий. Тухайлбал, хүн болгон өргөдөл гаргаад байж болдоггүй. Батыг Дорж зодчихлоо гээд Цэцгээ очиж өргөдөл гаргаж болдог бол оюуны өмчийн салбарт зөвхөн эрх эзэмшигч нь гомдол гаргадаг. Эрх эзэмшигч гэхээр зохиогч, эс бөгөөс зохиогчоос эрх авсан хүн л гомдол гаргах эрхтэй гэсэн үг. Тэр гомдлын дагуу л шалгадаг. Жилдээ 160-170 орчим өргөдөл ирдэг. Сүүлийн хоёр жилд 140 орчим болж багассан үзүүлэлтэй гарсныг цар тахалтай холбоотой болов уу гэж харж байна. Нийт ирж буй өргөдлийн 50-60 орчим хувь нь зохиогчийн эрхийн салбарт, үлдсэн нь аж үйлдвэрийн эрхийн салбарт гарсан зөрчилтэй холбоотой байдаг юм. Ирсэн өргөдөл гомдлыг өмнө хэлсэнчлэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийддэг. Энэ хоёр хуулийн нэрийг байн байн дурьдаад байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар зөвхөн процессийг нь зааж өгдөг гэдгийг тодруулаад байна. Оюуны өмчийн улсын байцаагч зөрчлийг шалгахдаа, ямар хуулийн дагуу яаж шалгах, өргөдөл ирвэл яах, дараа нь хаана шалгах, мэдүүлэг яаж авах вэ гэхчлэн эцсийн шийдвэр гаргах хүртэлх бүх процессийг хуульчилж өгсөн гэсэн үг. Харин Зөрчлийн тухай хууль бол ямар харьяаллыг Оюуны өмчийн газар шалгах юм бэ, ямар хариуцлага хүлээлгэх, мөн зөрчлийн хугацааг хуульчилсан байгаа гэхчлэн ялгаа бол бий.
-Оюуны өмчийн хулгай гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа сайтын хооронд их зөрчил гараад байх шиг харагддаг. Мэдээллийн сайтуудаас гомдол ирдэг үү?
-Сайтууд манай мэдээг аваад тавьчихсан байна гэхчлэн хоорондоо их гомдол гаргадаг. Зарим сайтаас телевиз, телевизээс ч сайтууд авч байна. Гэхдээ энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.
-Юуг тэр вэ?
-Мэдээ мэдээлэл, сонордуулгын чанартай мэдээллийг авах нь хууль бус үйлдэл биш. Зохиогчийн эрхээр хамгаалагддаггүй зүйл учраас тэр шүү дээ. Харин зохиогчийн эрхээр хамгаалагддаг зүйлийг эрх эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан бол зөрчилд тооцно. Түүнчлэн юуг нь мэдээлэл, юуг нь сонордуулга гэж үзэхийг Оюуны өмчийн тухай хуулиар зохицуулчихсан. Тэр зохицуулалтыг л барих ёстой.
-УИХ -ын Байнгын хороогоор Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Жил гаруйн өмнө батлагдсан хуульд шинэчлэх, өөрчлөх юм юу байна вэ?
-Айхтар муу хууль учраас өөрчилж, шинэчлэх гээд байгаа юм биш л дээ. Дэлхий нийтийн нийтлэгт жишигт нийцсэн л хууль. Манай Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн газрын гишүүн гэдэг утгаараа олон улсын 17 гэрээ, конвенцид нэгдсэн байдаг юм. Тэнд нэгдсэнээр оюуны өмчийг хамгаалах суурь зарчмууд юу байхыг зааж өгсөн. Тэр суурь зарчмыг Монгол Улсын нутаг дээр хэрэгжүүлэхийн тулд ямар хууль байх ёстой вэ тэрийг гаргадаг. Оюуны өмчийн тухай хууль анх 1996 онд батлагдсан, одоо хоёр дахь удаагаа шинэчилсэн найруулга хийх гэж байна. Мэдээж, цаг үетэйгээ холбоод өөрчлөх зүйл байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар, цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал дэлгэрэнгүй орж байгаа. Хоёрдугаарт, хамтын удирдлагын байгууллага, тэдгээрийн эрх зүйн харилцааны асуудал түлхүү тусгагдсан. Товчхондоо, цаг үетэйгээ нийлүүлж, шинэчлэх шаардлага үүссэн гэсэн үг.
–2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Оюуны өмчийн тухай хууль оюуны өмч, оюуны бүтээлийг үнэлэх, эргэлтэд оруулах боломжийг бүрэн нээж чадсан уу?
-Оюуны өмчийн салбарын эрх зүйн шинэчлэл хийгдэхэд уг салбарын үндсэн суурь болох Оюуны өмчийн тухай хуулийг 1996 онд баталсан. Одоо хэрэгжээд явж байна. Уг хуулийн тулгуур болох Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Одоо хаврын чуулганаар батлагдах байх гэсэн хүлээлттэй байна. Эдгээр хууль нь Оюуны өмчийн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж өөрчлөлт хийж байгаагаас гадна үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээ хийх мэргэжилтэн бэлтгэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, зуучлал, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах зэрэг дэлхий нийтээрээ эдийн засгийн хурд саарсан ийм хүнд үед оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд хуулийн хүрээнд хэрхэн зохицуулалт хийх боломжийг нээж өгч байгаагаараа онцлог. Монгол хүний оюун санаанаас бий болсон бүтээл, зохиол, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг зэргийг дээрх хуулиудаар эдийн засгийн агуулгаараа хэрхэн үнэт зүйл болох вэ гэдгийг тодорхойлж, зохицуулж өгснөөрөө гол онцлог нь болж байгаа юм.
-Оюуны өмч барьцаалж зээл авах боломж бүрдсэн гэж байсан.Хэрэгжилт хэр байна вэ?
-Оюуны өмчөө барьцаалаад банкнаас зээл авах боломж 2018 оноос нээгдсэн. Оюуны өмчөөр баталгаажсан барааны тэмдгээ барьцаалан бизнесийн зээл авах боломжийг Улаанбаатар хотын банк нэвтрүүлсэн. 2020 оны зургаадугаар сард банкууд нэгдсэнтэй холбогдуулан тус зээлийг Худалдаа хөгжлийн банкаас авах боломжтой.
-Зохиогчийн эрхээ авсан ч үйлчлэх хугацаа байдаг гэх юм. Энэ талаар тайлбарлаач?
-Хүмүүс, манай байгууллагаас эрх авдаг гэж ойлгоод байдаг юм. Манайхаас эрх авдаггүй. Тухайн бүтээл бүтээгдсэн өдрөөсөө эхлээд шууд хуулийн хамгаалалтад ордог. Жишээ нь, та нэг өгүүллэг бичихэд ямар нэг гэрчилгээ, бичиггүйгээр бичсэн өдөртөө л эрхийн хамгаалалтад орно гэсэн үг. Хүсвэл манайд бүртгүүлээд гэрчилгээ авч ч бас болно. Хугацааны тухайд, амьд байх үед нь хязгааргүй, нас барснаас нь хойш 50 жилийн хугацаанд эрх нь хамгаалагддаг. Мөн хамаарах зүйлээсээ хамаараад үйлчлэх хугацаа нь 20-50 жил байдаг.
-Миний танил яруу найрагч, зохиогчийн эрхийн маргаан үүсгээд ялсан. Тэгсэн чинь эрх зөрчсөн этгээдийг 500 мянгөн төгрөгөөр торгох шийдвэр гаргасан атлаа мөнгийг нь зохиогчид өгөлгүй танай байгууллага авчихсан гэж сонсож байсан. Энэ үнэн үү?
-Манай байгууллага авдаг юм биш л дээ, улсын төсөвт ордог юм. Дууны уран бүтээл дээр маргаан их гардаг. Уг нь бол хамтарч уран бүтээл хийсэн хүмүүсийн л асуудал шүү дээ. Нэг нь шүлэг, нөгөө нь аяыг нь зохиодог. Тэр дууг үндсэн хоёр хүнээс нь зөвшөөрөл авсан тохиолдолд ямар ч найруулга хийгээд, хэн ч дуулж болно. Хамгийн гол нь хэн нэгний яг хийчихсэн найруулгыг хуулбарлахгүй байх ёстой. Өөрийн чинь хэлсэн жишээг яг хэдийд болсныг мэдэхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх хууль хэрэгжиж эхэлснээс хойш бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг манайх хийдэг болсон. Өмнө нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэлийн дагуу шүүх асуудлыг эцэслэдэг байсан.
-Монгол Улс Оюуны өмчийн олон гэрээ конвенцид нэгдсэн гэсэн. Олон улсын хэмжээнд бусад улстай оюуны өмчийн маргаан гарсан тохиолдол байдаг уу, гардаг уу?
-Гаралгүй яахав. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэж буй гэрээ коньвенцийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биелүүлдэггүй маргаан Оюуны өмчийн газар дээр ирж шийдвэрлэгддэг. Ялангуяа аж үйлдвэрлэлийн салбарт маргаан их бий. Гаднын барааны бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний тэмдэг тэмдэглэгээг ашигладаг асуудал ч түгээмэл. Мөн манайхан зохиогчийн эрхийг зөрчиж, гаднын дуу, киног ашигладаг асуудал бий. Бид олон улсын гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Зөвхөн гэрээний дагуу ч гэлтгүй Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа учраас Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах хуулиар арга хэмжээ авдаг.
-Аж үйлдвэрлэлийн өмчийн зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Аж үйлдвэрлэлийн өмчийн зөрчлийг гурван бүлэгт хувааж ойлгож болно. Нэгдүгээрт, шинэ бүтээл. Шинэ бүтээл гэж аж үйлдвэрлэлийн салбарт гаргадаг эрхийн нэг загвар гэж ойлгож болно. Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, шинэ бүтээл гэж… Барааны тэмдэг гэж аж ахуйн нэгж болон иргэд өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг бусдынхаас ялгахын тулд авдаг тэмдэг. Манайхан лого гэдэг дээ. Энэ чиглэлийн зөрчил түгээмэл байдаг. Хүмүүст, хэрэглэхэд амар эсвэл хүний барааны тэмдэгтийг өөрийнх дээрээ тавиад сайн бараа гэж сурталчлахад давуу талтай байдаг байх. Дотоод гэлтгүй гадныхныг ч хуулбарладаг. Манай улсын оюуны өмчийн аж үйлдвэрлэлийн зөрчлийн 60-4-70 хувийг эзэлдэг зөрчил нь энэ. Нөгөөх нь бүтээгдэхүүний загвар.. Тухайн бүтээгдэхүүний гадаад хийц, өнгөний хослолыг бүтээгдэхүүний загвар гэж нэрлэдэг. Бүтээгдэхүүний загварыг дууриадаг тохиолдол бас бий. Жишээ нь, энэ аяга бариултай, зургаан талсттай, тунгалаг өнгөтэй, суурь нь зузаан байна. Энэ бол бүтээгдэхүүний загвар Энэ аяган дээр АПУ гэсэн лого наачихвал, тэр хэсэгт барааны тэмдгээр эрхийн хамгаалалт хийж байна гэсэн үг. Энэ шилийг хэдэн хэмд хайлуулаад гаргаж ирэх технологийн шийдэл нь шинэ бүтээл. Нэг аяган дээр, аж үйлдвэрлэлийн салбарын гурван зүйл гурвуулаа хамгаалагдсан байгаа биз. Энэ бүх зүйлийг зөрчихийг аж үйлдвэрлэлийн салбарын эрхийн зөрчил гээд байгаа юм.
Товчхондоо, манайд шинэ бүтээлийн зөрчил харьцангуй бага. Учир нь технологийн шийдэл гаргадаггүй. Бид үйлдвэрлэгч улс биштэй холбоотой гэж ойлгож болно. Харин бүтээгдэхүүний загварын зөрчлийн олонх нь гар урлалын бүтээгдэхүүн дээр гардаг. Бас нэг онцлог нь аж үйлдвэрлэлийн салбарт патентын эрхээ авч байж эрхээ хамгаалуулдаг. Зохиогчийн эрхээс ялгаатай тал нь энэ.
-Патентаа аваагүй байж байгаад өөр хүнд алдах магадлал бас байгаа юм байна ш дээ?
-Аваагүй бол тэр хүний л буруу. Түрүүлж мэдүүлсэн нь л эрхтэй.
-Тэгвэл түрүүлж мэдүүлсэн гэх маргаан их гардаг байх, тийм үү?
-Гайгүй ээ. Барааны тэмдэг дээр л гарах гээд байдаг юм. Гэхдээ олон улсын гэрээ конвенцид зааснаар шийдүүлж, хоёр тал хоёулаа ашиглаад явах боломж бий. Нэг нь барааны тэмдэг аваад ашиглаж байсан ч бүртгүүлээгүй байж байтал нэг хүн эрхийн хамгаалалт хийлгээд авчихвал эхний хүн нь хязгаарлагдмал орчинд ашиглах эрхтэй. Нөгөө эрхээ баталгаажуулсан тал нь, бусад салбарт ашиглаж, өргөжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, түрүүлж албажуулсан эрхийг нь хүндэтгэсэн хэлбэр. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн бараа бүтээгдэхүүний тэмдэгтийн зөрчил гэвэл захаар дүүрэн байна. Гэвч тухайн компани гомдол нэхэмжлэл гаргахгүй бол бид шалгаж, зөрчил арилгуулах боломжгүй. Иргэд хуурамч бараа бүтээгдэхүүн байна гэж гомдол гаргахад бид хүлээж авдаггүй. Эзэмшигч гомдол гаргаагүй учраас шалгах хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас тэр. Анхааруулга хүргүүлэх хэмжээнд л ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд гэсэн үг. Нөгөөтэйгүүр, эрх эзэмшигч том компаниуд гомдол гаргадаггүй. Учир нь, улаан цайм хуурамч гэдэг нь ойлгомжтой, өөрийнх нь үнээс 10-100 дахин бага үнээр зарагддаг, дээр нь манайх шиг жижиг зах зээлтэй газарт гомдол гаргах нь илүү зан байдаг байх. Энгийнээр тайлбарлавал, гомдол гаргах процессийн зардал нь өндөр өртөгтэй байдаг юм. Тэгээд ч ашигт нь нөлөөлөх хэмжээнд хүрдэггүйгээс гадна Монгол Улс үйлдвэржилтийн орон биш учраас манайх руу акциент өгдөггүй. Хятад, Тайланд гээд үйлдвэрлэгч улсад л ач холбогдол өгөөд байх шиг ажиглагддаг.